Вегасын талаас.
Дадсан зуршлынхаа дагуу гартаа үзгээ эргэлдүүлэн сууна. Оюун ухаан минь хаа ч юм тэнэж орхиод уулзалтын ширээг тойрон суух хүмүүсийн чимээ шуугиан надад огтхон ч хамаа байсангүй.
Тэр юу хийж байгаа бол?
Ямар царайны хувирал гаргаж суугаа бол?
Хоолоо идсэн болов уу?
Өдрийн хоолондоо сэтгэл хангалуун байж чадсан болов уу?
Тэр сэрмэгцээ намайг хараагүйдээ ямар их тайвшрал мэдэрсэн бол?
Хэн ахмад үеэлийн минь бие хамгаалагч ийм хөгжилтэй байна гэж санах вэ дээ. Тэр уурлахаараа яг манай солиотой үеэл шиг харагддаг. Ялгаа нь гэвэл Пит түүнийг бодвол сэтгэл хөдлөлөө барьж чаддаг бас юмсыг илүү ойлгодог зүрх сэтгэлтэйн дээр тийм ч сул дорой нэгэн биш.
Ямар нэг байдлаар сонирхоно гэж бодоогүй хүнээ сонирхох нь миний ухаан санааг төөрөгдөлд автуулдаг. Би урьд нь Пит шиг хүн энэ хорвоо дэлхийд оршин байх боломжтой гэж хэзээ ч бодож байгаагүй.
Тэр миний дэргэд буй хором мөч бүрт би тав тух мэдэрдэг. Тэр ч байтугай ямар нэг харц тулгаралтгүй, элдэв янзын хүрэлцэх мэдрэхүйгээрээ холбогдохгүй байсан ч тэр зүгээр л ямар ч зорилгогүй алхах нь хүртэл надад тэр амирлангуйг бэлэглэдэг. Амьдралдаа анх удаа ийм тайван байдлыг мэдэрж байгаа болохоор үүнийг юу гэж тайлбарлах ёстойгоо ч мэдэхгүй нь.
Би багаасаа л мөнхийн стресс дунд амьдардаг байсан. Аавтай байхад юм бүхэн тааламжгүй, гараад гүйчихмээр санагдана. Харин бусад хүмүүсийн дунд байхад нийгмээс тавигдах хүлээлт намайг хүрээлдэг. Хүн бүр надад хэн гэдгийг минь сануулж ажлын байр, хийх ёстой зүйл түүнд ноогдох үүргийг нь хүртэл тулгадаг байлаа. Өнөөдрийг хүртэл би өөрийгөө жинхэнэ хэн бэ гэдгийг ч мэдэлгүй явсан.
"Ноён Кастин, хэрэв танд ямар нэг лавлах шаардлагатай зүйл байгаа бол хүүгээс минь асууж болно шүү. Миний хүү үнэхээр алсын хараатай итгэл даахуйц хүн. Тийм биз, хүү минь? Вегас? Вегас!" Аав ширээн доогуур хөл рүү минь өшиглөж ууртай харцаараа төөнөсөөр намайг орчиндоо анхаарал хандуулах ёстойг сануулав.
"..."
Би аав руу эргэлзсэн байртай харж сууснаа дараа нь дэргэд минь суух чухал үйлчлүүлэгч рүү эргэв. Ноён Кастин.
"Би саяхан хүүдээ нэлээд их ажил өгчихсөн юм. Тиймээс тэр жаахан ядарсан бололтой. Аяга кофе уувал яасан юм? Би чамд захиалаад өгье" Би аавтай хором ч атугай харц тулгармааргүй байсан учир нэг их юм ярьсангүй. Хэдийгээр тэр бусдыг төөрөгдүүлэм чихэрлэг өнгөөр ярьж байсан ч харц нь үргэлж намайг буруутгаж, жигшил зэвүүцлээр хяргахад бэлэн байдгийг би мэднэ.

YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.