Тау жолоогоо барьсаар түүний нүднээс гунигаас өөр зүйл харагдахгүй байх ажээ. Хэдийнээ харамсаж байсан Тау Эмилигээс хуучин амьдралынхаа бүтэлгүйтлээ сонсон ахиж хэзээ ч босч чадахгүйгээр сөхөрсөн мэт санагдана. Эмилиг харах болгондоо өөртөө дургүй нь хүрч, түүнийг харахгүйг хичээх тусам улам дордоно. Эмили Таутай юу ярихаа мэдэхгүй байхтай зэрэгцэн Тау Эмилигийн гэрийн урд ирлээ. Тэгээд толиороо Эмили рүү хараад "Эми ирчихлээ орж амардаа. Өнөөдөр их ядарсан байх" гэхэд Эмили түүн рүү харан "хоёулаа намуухан газар орж цай уухуу?" хэмээхэд Тау эргэж харан толгой дохин Эмилигийн гэрийн хажууд байрладаг бараг л хүн ордоггүй кафе руу орцгоосон юм.
Тау: хоёулаа чиний хэлснээр мэндийн зөрүүтэй л өнгөрөх хүмүүс байцгаая. Чамд өнөөдрийг хүртэл сайхан дурсамж бүтээж өгөөгүйд уучлаарай. Чи дургүйцэхгүй бол хоёулаа энэ төгсгөлөө гунигтайгаар биш жаргалтайгаар хийж дуусгавал болох уу? Миний нэрийг сонсох үед эсвэл бодох үед дурсамжинд чинь сайхнаар дурсагдан үлдэх нэгэн байхыг хүссэн юм. Тау гэдэг хүн чамайг үргэлж хайрлаж байсныг бас чи ямар гайхалтай эмэгтэй байсныг хэлж өгөхийг хүссэн юм
Эмили инээмсэглэн: би ч бас чиний дурсамжинд сайхнаар үлдэхийг хүсч байна. Чиний хичээл зүтгэл хэзээ ч хоосон байгаагүй. Чи бүтэхгүй зүйлд цагаа үрээгүй шүү гэдгийг чамд хэлэхийг хүссэн юм. Хэдийнээ эмчлэгдэх боломжгүй зүсэгдсэн байсан зүрхэнд минь гуниг, хайр, догдлол, дурлалыг мэрүүлж өгч буцаж эрүүл зүрх болгож өгсөн чамд маш их баярлалаа Тау. Эцсээ хүртэл бидэнд ний нуугүй ярилцаж байсан удаа байхгүй болохоор ядаж ганцхан өнөөдөр бүхнийг эхнээс нь эхлэн дурсан ярьцгаая. Тэгж байж би чамайг дурсамжтайгаа хамт тавьж явуулж чадах юм шиг байна. Үргэлж хүйтэн хөндий ханддаг байсанд минь уучлаарай Тау. Эмэгтэй байх ямар их үнэ цэнэтэйг, өөрийгөө голдог байсан хуучин надад итгэл найдвар, зориг өгсөнд маш их баярлалаа. Чамтай анх танилцаад болзох үед миний амьдрал яг л төгсгөлгүй хурдны зам шиг байсан. Хэзээ ч зогсохгүй маш хурдан. Гэхдээ бидний мэдэж байгаачлан хурдны зам хэзээ нэгэн цагт дуусч энгийн зам руу юм уу хонгил руу явдаг. Харин энэ удаа миний машин хонгил руу очин зогсохоор шийдлээ
Тау: хоёулаа энэ хүрээд төгсөөгүй бол бие биенээ үзэн ядаад дуусах байсан ч байж магадгүй. Эсвэл гэрлээд аз жаргалтай хосууд шиг ч байж болох байсан байх. Чи бид хоёрын ингээд сууж байгаа нь инёон "인연" байх. Солонгос хэлэнд "인연" хэмээх үг байдаг ба энэ нь хувь заяа, учрал гэх утгатай. Лорен надад үүний талаар хэлж байсан юм. Өнгөрсөн амьдралдаа учирч байсан хүмүүс энэ амьдралдаа заавал дахиж учирдаг талаар хэлж байсан. Магадгүй хоёулаа өнгөрсөн амьдралдаа ямар нэгэн таагүй харилцаатай хүмүүс байсан байх