Chanyeol's P.O.V
2019.11.27
- Миний охин "аа" гээрэй. Халбага дүүрэн нухаш жижигхэн гэдсэнд нь орох гэж байна, пюуун...
Охины минь цангинасан инээд гэрээр дүүрэн хадаж, дөнгөж цухуйж байгаа бяцхан хоёр үүдэн шүдээ гарган амаа ангайхад нь би халбагатай хоолоо аманд нь хийж өгөв.
- Миний охин чинь ийм мундаг байхгүй юу! Хоолоо бүгдийг нь идээд дуусгачихлаа.
Бүр идчихмээр санагдаад болохгүй болохоор нь бувар бувар хийх хөөрхөн булцгар хацар дээр нь удаан гэгч нь үнсэхэд охин минь онгирсондоо гартаа барьсан тоглоомоо сандалныхаа тавцанд цохин савчина.
Атаархаж байна уу та нар? Өглөө бүр ийм их халгиж цалгисан аз жаргалыг мэдэрдэг гэхээр. Тийм ээ, би атаархмаар нэгэн. Хайртай хүн минь намайг үл ойшоож байсан ч хорвоогийн хамгийн өхөөрдөм энэ бяцхан оршихуй намайг хэзээд уйтгар гунигаас ангижруулж чаддаг юм.
Бид хоёр өглөөний цайгаа дуусгаад орой засах ширээндээ зориулан хүнсний зүйл авахаар гарлаа. Ямар хоол хийхээ шийдээгүй л байна. Дэлгүүр орж хоолныхоо материалыг харж байгаад л шийдье дээ.
Та нар буруугаар ойлгож болохгүй шүү! Бэкхён төрсөн өдрийг минь хэзээ ч иймэрхүү байдалтай угтаж байгаагүй. Анх удаа л гэртээ оройн хоол төдийхнөөр ёслоод өнгөрөх гэж байгаа минь энэ. Бас мэдээж анх удаа өөрийнхөө төрсөн өдрөөр өөрөө хоол хийж байгаа минь. Учир нь энэ жил л түүнд алдаж болохгүй боломж гарч ирсэн юм. Мөрөөдлөө биелүүлэх боломж. Тэгээд ч анхнаасаа ажлаа түр завсарлаад охиноо өөрөө харна гэж шийдсэн хүн нь би. Тийм болохоор гомдох юм ч байхгүй.
Охин бид хоёр дэлгүүрээр хэсч хэсч тэрэг дүүрэн хүнс аваад кассанд бичүүлэхээр зогсов. Ард минь зогсох эмэгтэй охиныг минь өхөөрдөж элдэв юм шалгаана.
- Ямар хөөрхөн охин бэ? Яг аавыгаа дуурайчихжээ. Хүүхдээ дагуулаад хүнсээ цуглуулаад л, таны эхнэр ямар гээч азтай бүсгүй вэ?
Би ч нэг их юм ярьсангүй, худлаа инээсэн болоод өнгөрлөө. Гэхдээ л дотроо "Нэгдүгээрт тэр азтай хүн нь бүсгүй биш залуу. Хоёрдугаарт манай охин надтай биш нөгөө аавтайгаа адилхан" гэж хэлмээр байсан юм.
Кассанд мөнгөө төлчихөөд авсан зүйлс маань гурван ч том тор болсныг харахдаа л би нэг юм ухаарав.
Эднийг аваад гэрлүүгээ яаж харих билээ?
Гэрээс гарахад тэнгэр бүрхэг ч гэсэн салхигүй болоод ч тэр үү өвөл болж байгаа гэхээргүй дулаахан байсан болохоор охиноо агаарт гаргая гэж бодоод машингүй алхаад ирсэн. Бөгсөө оцойлгочихоод урд минь тэврүүлж явахдаа хичнээн тухтай байдаг гэж бодно. Нүд нь сүүмийсээр мөрийг минь дэрлээд унтаад өгдөг юм. Харин одоо дэлгүүрийн төмөр тэргэн дээр суучихсан их баясгалантай хүн явна.
YOU ARE READING
The Story of My Sweetie pie (Completed)
FanfictionПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.