34. Америкд нэг удаа

290 52 36
                                    

Chanyeol's P.O.V

2015.06.17~06.27

Зүсэн зүйлийн хүмүүс холхих онгоцны буудал. Учрал хагацлын уулзвар болдог энэ газар надад ахлах сургуульд байхдаа Бэкхёнийг хүлээж зогсдог байсан автобусны буудлыг санагдуулна. Сандарч догдолж, хэсэгхэн газар ч болов гараас нь хөтлөөд алхана гэхээс тэсч яддаг байсан тэр үеийн дурсамж ийм л цаг мөчид хэргээ гаргаюу гэсэн шиг ой санамжийн минь хаа нэгтэйгээс гарч ирээд аманд орсон дууны ая шиг ахин дахин тоглогдох нь хачирхалтай.

Хэтэрхий эрт ирчихвэл байж суух газар олдохгүй өөрийгөө тамлахаас цаашгүй юм болно гэдгийг мэдэж байсан учраас би онгоц буухаас гуравхан л цагийн өмнө ирсэн. Өөрийгөө барьж хорьж дийлсэн хугацаа нь л тэр. Тэгээд цаг нөхцөөхийн тулд Нью Йоркийн хамгийн том нисэх онгоцны буудлыг бараг л хөндлөн гулд туулсны эцэст хоёр цаг тавин долоон минутын ард гарчихаад ердөө одоохон гэх мөчид тэсвэр тэвчээр гээч нь арилаад өгдөг бололтой. Онгоц газардсан гэсэн бичиг тодров уу үгүй юу би онгоцны буудлыг тэр чигт нь самраад ч хамаагүй яг одоо бид хоёрыг зааглаж байгаа хэдхэн метр газрыг үгүй хиймээр санагдана. Толгой дотор адал явдалт, тулаант киноны хэсэг өрнөж байхад би гэдэг хүн нэг мөсөн уул шиг ахын дагзыг хараад зогсож байлаа. Өлийгөөд, бүр өлмий дээрээ гараад ч хэрэг болсонгүй, ядаж хоёр талаар нь харъя гэсэн ч шкаф шиг биенийх нь араас хальтхан цухуйхаас хэтэрсэнгүй. Хэрвээ Азийн аль нэг оронд байсан бол ч би хүмүүсийн дагзыг биш хуйхыг л харж явах байсан даа гэж бодохоос хамаг шар хөдлөөд шавсан олны дундуур зөрж хамгийн урд гарлаа.

Нүд эрээлжлэм олон өнгийн үс, өнгө өнгийн арьс, хувцас тэгээд ачаа тээш. Энэ дундаас анзаарахгүй өнгөрөөчихөв үү, мэдсэн бол Бэкхёний нэрийг бичсэн пайзтай ирдэг байж дээ гэмээр олон хүн гарч ирсний дараа, нэлээн хойгуур би нэг томоос том чемодан олж харлаа. Дараа нь жижигхэн дугуйнууд эргэлдэхээ больж чемодан байрандаа зогсохыг, төд удалгүй бариул нь газар тас хийн унаж барьж явсан эзэн намайг чиглэн гүйхийг, эцэст нь команд өгөхөөс урьтан бие минь тийш тэмүүлж байгааг мэдэрч амжлаа. Харин дараа нь...

Нүдээрээ харж, зүрхний цохилт нь чихэнд хүрч, хамар шүргэх ойрхон зайд зөвхөн түүнээс гардаг энэ үнэрт мансуурах шахаж, бүх биеэрээ түүнтэй хүрэлцэж байсан ч өглөө босоход юу ч үгүй замхарч орхидог тэр олон зүүднүүдийн нэг биш гэдэгт итгэмээргүй, ердөө хальтхан шүргэхэд л хангалттай гэж үхэн хатан гуйсан атлаа яг тэврээд авах мөчид ханаж цадмааргүй тийм л мэдрэмж төрж, түүнийгээ мэдрүүлэх гэсэн мэт би Бэкхёнийг хамаг чадлаараа тэвэрнэ.

The Story of My Sweetie pie (Completed)Where stories live. Discover now