Chanyeol's P.O.V
2019.11.28
Олны дундаас анхаарлыг минь татсан танил маань орж ирээд намайг анзаарсан ч үгүй, би ч мэнд ус мэдэлцэж, яриа дэлгэе гэсэнгүй чимээгүй л ажиглаж суув.
Үл ялиг овор суусан бүсгүй хүний намбалаг төрхний цаанаас ахлах сургуулийн цовоо сэргэлэн охины нүд гялалзаж, өндөр өсгийт дээр сэв хийтэл алхсаар дэргэдүүр минь зөрөхдөө төрөлхийн долгионтой шаргал үсээ мөрөө давуулан хаялана. Найз бүсгүйнхээ цуг явсаар булангийн ширээнд очиж суусан нь намайг бараг анзаарахааргүй ч миний суусан газраас тэдний үйлдэл бүрийг ажиглаж болохоор ажээ.
Юн Сэжин. Хэвээрээ байна. Хүн харахад гоц гойд юм байхгүй ч цаанаасаа л нэг сэтгэл татам, үзэсгэлэнтэй. Инээх үед нь алга болчихдог жижигхэн бор нүднийх нь цаанаас миний л лав уншиж чадаагүй хар мянган бодлын хэлтэрхий цухалзаж, хэн нэгэн ухаж төнхөөд эхлэв үү үгүй юу худлаа гэхэд ч тэр, үнэн гэхэд ч тэр хэтэрхий гэрэлтсэн инээмсгэлэлээрээ бүгдийг нь халхалж орхидог байсан сан.
Ахлах сургуулийн олон ч хөвгүүний зүрхэнд шар ус хуруулж явсан гэх энэ охин явж явж манай Бэкхёнд анхнаасаа сайн байсан болж таараад, бүр болоогүй анхаарлыг нь татах гэж зохиосон урхинд нь манай хүн яваад орчихсон байсныг би хаа хойно мэдсэн билээ.
Тэглээ гээд уншигч авхай та харааж зүхэхээ түр азнаарай. Учир нь тэр та нарын сая төсөөлсөн шиг зальт үнэг биш, энхийн цагаан тагтаа байсан юм.
Ахлах сургуулийн минь амьдралыг юу ч үгүй шороотой хутгаж хаях боломж нь ч тэр, шалтгаан нь ч тэр аль аль нь байсан атал тэр юу ч хийгээгүй. Одоо бодохнээ үнэхээр л шувууны дэгдээхий шиг харагддаг бяцхан охиныг би үзэн ядах биш түүнээс эмээдэг байж. Жижигхэн биенийх нь хаана багтдаг юм гэмээр зоригтой, ухаантай, шударга бөгөөд хэнийг ч байсан гаднаас нь хараад нэвт шувт уншчихдаг тийм л ид шидтэй охин болохоор нь~~~
Chanyeol's P.O.V
2011.10.28
Өнөөдөр өглөөнөөс авхуулаад Бэкхён нэг л их бодлогоширсон байртай, сүүлийн цаг орж байхад хүртэл түүхийн хичээл дээр тоо бодоод байна уу гэлтэй долоовор хуруугаараа чамархайгаа тогшсоор сууна.
Найз охинтойгоо муудалцчихсан юм болов уу? Аль эсвэл гэрт нь ямар нэг асуудал гарсан байж ч магадгүй.
За яршиг цаашаа! Түрүүн хүн яриа өдөөд байхад тоож харахгүй байсан зүгээр. Одоо бүр юу санаж бодож байгаагаа ч хэлж ярихаа болио шив дээ.
VOCÊ ESTÁ LENDO
The Story of My Sweetie pie (Completed)
FanficПак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон түүхийг мэдмээр байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.