19. Дэвтэр

346 53 23
                                    

Baekhyun's P.O.V

2012.02.22

- Өг л дөө Бэкхёнаа! Найзынхаа дэвтрийг өгчих л дөө.

Би Чанёолаас зугтан ангиас гарч, чигээрээ гүйсээр шат хүрээд, дээш өгслөө. Хоёр давхар, гурав, дөрвөн давхар, тэр чигтээ мацсаар дээвэр дээр гартлаа баригдсангүй. Тэр араас минь мөр даран хөөж, бид хоёр сургуулийн дээвэр дээр, дөрвөн булангийн хооронд хөөцөлдөнө. Өгсүүр газар гүйж амьсгаатаад хажуугаар нь үхтлээ инээснээс болж сүүлдээ багтарч үхэх шахаад өвдгөө тулан зогслоо. Харин Чанёол араас минь тэвэрч аваад,

- Надаас зугтаад хол явахгүй гэдгээ хэзээ ойлгох хүн бэ чи? гэсээр намайг өргөн эргэлдэж гарлаа.

- Бууж өглөө! Бууж өглөө Чанёолаа, энэ дэвтрээ ав. Дотор муухайраад бөөлжих нь.

Тэр намайг буулгаж, хөл минь газар хүрсэн ч хий гишгээд байгаа юм шиг дайвалзан, нүдээ нээхэд урдах юмс хоёр, гурав болж харагдана. Чанёолын толгой ч бас эргэсэн бололтой, бид хоёр согтуу хүн шиг гуйвж дайвсаар хашлага налан унав. Арай гайгүй болоод би Чанёолд дэвтрийг нь өгөхөөр гар сунгасан ч тэр намайг анзаарах сөхөөгүй, бодол нь харцтайгаа тэртээ тэнгэрийн хаяа руу тэнэж оджээ. Би ч түүнийг дагуулан харлаа. Нар жаргаж байна. Улбар шаргал туяа нь орчныг бүрхэж, эргэн тойрон ид шидийн гэмээр үзэгдэнэ. Чанёол хашлага дээгүүр хөлөө давуулан суугаад над руу гараа сунгав. Би барьж байсан дэвтрээ түүнд атгуулахад, тэр толгой сэгсрэн инээгээд сул гараас минь татаж намайг дэргэдээ суулгалаа.

Хүмүүс амар амгалан, энх тайвныг цэнхэр тэнгэртэй зүйрлэдэг. Харин би одоо харагдаж байгаа энэ л тэнгэрийг хамгийн амар амгалан гэнэ. Улаанаас ягаан руу ууссан энэ өнгө түм түчигнэж бум бужигнасан их хотын чимээг бага багаар өөртөө уусгаж, амьдрал буцалсан ахиад нэг өдөр төгслөө гэх шиг.

Гэнэт ардуур минь зөөлөн дулаахан гар гүйж, мөрнөөс минь атгаад ямх ямхаар өөрлүүгээ татахад сандарч догдолсондоо би амьсгаагаа яаж гаргах ёстойг ч мартаж орхив. Түүний зүрх, миний зүрх, цусаа дээд цэгтээ тултал нь шахаж халуу шатах хоёр биес нэг нэгэндээ хүрдгийн даваан дээр утасны хонх хангинаж би цочсондоо дээвэр дээрээс уначих нь тэр.

Пид пад!

- Яаая!

Нүдээ нээхэд унтлагын өрөөний минь шал намайг угтав.

Бурхан минь гэж зүүд байж! Би амьд байна!

- Ёооё.

Би санаа алдаад зүрхэн дээрээ гараа тавихад цээжин дотроо багтахгүй шахам одоо ч бөмбөр шиг нүднэ. Гадаа гэгээ ороогүй байх бөгөөд би Чанёолынх руу явах гэж зориуд эрт сэрүүлэг тавьснаа сая санав. Зүрх зогсоох шахсан сэрүүлэгний дууг унтраагаад хурдхан шиг хувцаслаж гэрээсээ гарлаа. Өглөөний цэвэр агаарт толгой сэргэн тэднийх рүү алхах зуур амандаа дуу аялна.

The Story of My Sweetie pie (Completed)Donde viven las historias. Descúbrelo ahora