• • •
Хэзээд хичээлийнхээ сэдвийг хазайлгаж байдаг Ким профессор нуруугаа үүрсээр ээлжит 'далий' асуултаа асууна.
- Та нар хэн нэгэнтэй санаандгүй байдлаар дахин дахин учирч үзсэн үү? хэмээн асуугаад танхимыг нэг гүйлгэн харав. Профессорын нүд минийхтэй харц тулгарах үед би нэгэн хүнийг нэхэн санав. Намайг гараа өргөхөд багш ярьж эхэл гэсэн шиг толгойгоо дохин:
- Сон Үги хэмээн нэрийг минь хэлэв. Би шилээ аваад ширээн дээр зөөлөн тавьсны дараа гараа атгалаа.
- Би үзсэн л дээ. Урьд насандаа ямар гайтай юм хийчхээд тэр хүнтэй холбогдоод байгаагаа сайн мэдэхгүй л байна. Болж өгвөл дахин харахгүй байхыг хичээдэг ч яаж ийж байгаад, хаанаас ч юм гараад ирдэг юм. Яг үнэндээ би үүнээс залхаж байна.
Намайг ингэж ярих бүрд "Учрах ёстой хүмүүс учраас л уулзаж байгаа юм. Энэ бол бурхны зурсан хувь төөрөг" гэж хүмүүс хэлцгээдэг. Зураг төөрөг ий? ха ха ха. Ямар хийх юмаа олж ядсан бурхан гэхээрээ намайг түүнтэй зууралдуулж байгаа юм!? 13 настайд нь нэг, 18 настайд нь нэг, 23 настайд нэг уулзуулъя гээд зураад сууж байдаг юм уу?
Бурханд хандаж хэлэхэд, Би ямар чиний тоглоом уу? Новшоо! Хийх юмаа олж ядаад байгаа юм бол дэлхийн дулаарлыг багасгаад, хууль бус наймааг таслан зогсоогоод, ядуурлыг арилгаад, муу сайн улс төрчдийг ухаан суулгаад дэлхийд энх тайвныг тогтоогоод өгөөч!!!
Сүүлийн үгсээ сэтгэл хөдлөлөөрөө чанга хашхиран хэлэхэд ангид байсан оюутнууд над руу энэ өнөөдөр яачхаа вэ гэсэн харцаар харна. Тэр муугаас л боллоо. Тэр залууг бодох төдийд уур хүрч дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдах юм.
Профессор жигтэй инээд нүүрэндээ тодруулан угаас хазайчихсан хичээлийн сэдвийн талаар дурдлаа.
- Сон Үги~ Хичээлийн сэдвээ арай өөр зүг рүү явуулчхав уу даа гэхэд нь би:
- Уучлаарай. Ким профессороо хэмээгээд гэмшиж мөн ичиж буйгаа илэрхийлэх мэт доош харсан ч яг үнэндээ доош хараад нүдээ эргэлдүүлж байлаа. 'Профессор өөрөө байнга хол ойрын хов жив, өнгөрсөн баларсан амьдрал, хэрэгт хэрэггүй сэдэв рүү гулгаад орчихдог байж' хэмээн дотроо бодон гомдоллоно.
A/N:Өмнө нь BooBs нэрээр нийтлэгдэж байсан бичвэр засагдан Fate гэсэн нэрээр бичигдэж байна. Хайрлаж өгөөрэй💚🙆
______________________
Credits to Mrs_Grass
All rights reserved
2020Анхааруулга:Уг бичвэр Mrs_Grass-н оюуны өмч тул хуулбарлах, санаа авахыг хатуу хориглоно!!!
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...