Анхны учрал: 6. Зогьсуулаад байсан биз дээ?
• • •
- Ээжээ, Хэн нэгэн таны сайн хүн чинь таныг орхиод хол явчихвал яах вэ? хэмээн намайг асуухад ээж будаа угааж байснаа түр азнаад над руу гайхшран харлаа.
- Яасан миний охин. Найз чинь хол явах гэж байгаа юм уу? гэж асуугаад инээмсэглэнэ.
- Юу... нэг тиймэрхүү л. Түүнтэй хамт байсан хугацаанаас үзэхэд тэр хүн намайг мартах магадлал их л дээ гэж хэлэнгээ үсээ оролдоно.
- Сайн хөвгүүн чинь юм уу? гэж ээж их л эелдгээр асуугаад хариуг минь хүлээхдээ инээмсэглэсээр байх аж.
- Ти..тийм..ээ хэмээн түгдэрч ядан хэлэхдээ хацар минь халуу дүүгхийг мэдэрнэ. Ээжтэй өмнө нь хөвгүүдийн талаар огт ярьж байгаагүй юм байна. Анхны удаа болохоор ичсэндээ байж суух газраа олж ядна.
- Чамайг мартчих байх гэж айж байна уу? Бие холдохоор сэтгэл ч бас дагаад холддог болохоор хэмээхэд нь би толгой дохив. Ээж урд минь ирж суугаад үсийг минь илэн:
- Манай Үги хэзээ дээ ийм том болчихоо вэ? гэхэд би хариугаа авах гэж яарсандаа:
- Яавал намайг байнга дурсаж санах бол? Яг юу хийвэл болох вэ? гэж асуулаа. Харин ээж хэсэг бодолхийлснээ:
- Ээжийнх нь туршлагаар бол эрэгтэй хүн анхны хайраа огт мартдаггүй юм хэмээв.
• • •
- Анхны хайр... хэмээн амандаа бувтнахад Юүкэй над руу харав. Энэ завшааныг ашиглан:
- Юүкэй чамд анхны хайр байгаа юу? гэж шулганан асуухад тэр толгой дохив. Тэгэхээр анхны хайр болох арга маань бүтэлгүйтэх нь ээ.
- Тэр охин чинь хөөрхөн үү? гэж асуухад Юүкэй:
- Хөөрхөн гэхээсээ илүү эгдүүтэй, хайр хүргэм хэмээгээд инээмсэглэв.
Бурхан намайг бүтээхдээ тууштай занг хэтэрхий их хийчихсэн бололтой. Би Юүкэйн анхны нэг зүйлийг нь заавал авах болно. Тэгж байж санаа минь амрах юм шиг байна.
Гэнэт сэрүү татаж анги хүйтэн болж эхлэхэд би гол буруутныг нүдээрээ хайлаа. Тэгж л таарна. Хэдэн охин цонхоо нээчихсэн хэний ч юм нэрийг дуудан орилж байлаа. Өвлийн эхэн сар болж хүйтэрч байгааг ойлгож байгаа юм уу эд нар.
"Хиг" хэмээн Юүкэйг зогьсуулахад би цочсондоо нүдээ бүлтийлгэв. Юүкэй над руу уучлал эрэн хараад "Жаахан даарчиха-хиг зогьсуулаад байда-хиг юмаа. Одоо мөд-хиг зүгээр болохг-хиг Яана-хиг" гэх аж.
- Тэгвэл халуун цай уугаад, чанга чимээнд цочоод, анхаарлаа өөр зүйлд сарниулаад ч зүгээр болохгүй юу? гэж асуувал тэр толгой дохино.
Гэнэт надад түүнийг зогьсуулахыг болиулах мэргэн санаа орж ирэв. Үүнийгээ секунд хүрэхгүй хугацаанд гүйцэлдүүлээд Юүкэй рүү харахад нүд нь байдгаараа бүлтийчихсэн байх аж.
- Уучлаарай, Гэхдээ чи өөрөө л зогьсуулаад байсан биз дээ?
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...