Гурав шүү бүр: 1. Муу залуу
• • •
- Сүүжин!
Замын хажууд элгээ тэврэн зогсох Сүүжинийг дуудахад тэр нааш харав. Түүний царай ч бас надтай ижил баргар харагдана. Хажууд нь шал согтуу охин замын хашлага түшин суух агаад учир зүггүй инээд алдах аж. Сүүжин гаран дахь түлхүүрийг минь аваад:
- Энийг хүргээд өгчих гээд машиныг минь унаад хаяад явчхав. Хүнийг өглөөний тавд дуудсанаа ингэж болдог юм уу?
Шуудхан такси бариад охиноос хаягийг нь асуусан ч түүнд бараг өөрийн гэсэн ухаан байсангүй. Гэртэйгээ ойрхон буудалд орхиод харих санаа өвөртлөн нэгэн буудлын урд зогсоод төлбөрөө хийх зуур жолооч ах над руу нэг л ёозгүй харна.
- Би муу залуу шиг харагдаж байгаа ч тийм биш шүү гэхэд жолооч ах:
- Би юу ч гэж хэлээгүй байна хэмээв. Өөрөө хүн рүү адгийн амьтан харж байгаа аятай хараад байсан юм байж.
Таксинаас буугаад буудал руу ороход охин архины халуундаа:
- Би танайх руу явмаар байна аа. Танайх эндээс ойрхон биз дээ? хэмээн орилно. Таньдаг хүн амьтантай таараагүй нь аз хэмээн бодоод хүлээн авагч дээр очин:
- Сайн байна уу? Нэг өрөө... хэмээхэд өөдөөс:
- Юүкэй? гэх танил хоолой сонсогдов.
- Үги?
Тэр элгээ тэврээд над руу муухай харж харин би шүлсээ залгиад:
- Нэг өрөө авъя хэмээлээ. 5 жилийн хугацаанд нэг ч удаа таараагүй байж яагаад заавал ийм нөхцөлд таарч байгаа юм?
- Манай өрөө дүүрчихсэн. Тиймээс явж үз гэж түүнийг хэлэхэд согтуу охин:
- Байхгүй гэнэ ээ? Яаж ийгээд гарга хэмээн орилов. Тэгснээ гэнэт:
- Ахаа, Танайх руу явъя аа. Тэгэх үү? гэж гуйх аж. Үги биднийг яг харилцаатай гээд бодчихлоо. Би түүнээс гараа татаж аваад Үгид хандан:
- Ямар ч үнэтэй байсан хамаагүй нэг өрөө өгөөдөх! хэмээн шаардав. Тэр харваас дургүйхэн түлхүүр өгчхөөд:
- Ингэж амьдрах чамд сайхан байна уу? гэж асуухад би чимээгүйхэн охиныг түшин явсаар цахилгаан шатанд суув. Юу ч мэдэхгүй байж үргэлж л түрүүлж дүгнэх юм.
Согтуу охиныг орон дээр хэвтүүлсэн ч тэр надтай зууралдаж хэсэг цаг авав. Түүнээс арайхийн салаад буудлаас гарч ирэн тамхилах гэсэн ч Үгигийн араас үл мэдэх хар хувцастай этгээд дагаж байхыг олж харах нь тэр.
- Хөөе! гэж дуудахад хар хувцастай хүн хаашаа ч юм нуугдаж харин Үги эргэж харлаа.
- Танайх манайхтай ойрхон биз дээ? Хамт явъя хэмээн хэлээд гүйж очин хажууд нь зэрэгцэн алхахад:
- Юу вэ? Хэзээ бид хамт алхаж харихаар харилцаатай байсан юм? Тусдаа яв. Чамайг харах хүсэл алга хэмээн түрүүлж алхахад мөрөөр нь тэврээд:
- Дуртайдаа биш! Араас чинь хүн дагаад байна хэмээн хэлэв. Түүнийг эргэж харах гэхэд болиулан:
- Намайг гараад ирсэн чинь зугтчихсан. Юутай ч энэ удаа гэр хүртэл чинь хүргэж өгөх болохоор дараагийн удаа цүнхэндээ бие хамгаалах юмтай яваарай гэж сануулав. Гэхдээ тэр хүн зугтаагүй бидний араас явсаар л байгааг би мэдэж байв. Би муу залуу шиг харагддаг ч жинхэнэ муу залуу Үгигийн араас чимээгүй гэтэж байж.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...