Гурав дахь удаа: 1. Хуучны Юүкэй
• • •
Өдөр шөнийн ээлжинд амралтгүй гарснаас болоод нуруу минь хөшиж, хөл минь чилж, бие маань хэдэн хэсэг болж унах гэж байгаа мэт санагдана. Уг нь ингэж урт хугацаанд гарах ёсгүй байсан юм. Нөгөө ээлжний минь охинд ажил явдал гараад түүний оронд ажилласан хэрэг. Гэхдээ азаар хэдхэн минутын дараа миний ажлын цаг дуусаж байна. Хүн огт орж ирэхгүй байсанд хөлөө амраахаар сандал дээр суунгуут согтуу бүсгүйн дуу үүдээр нэг цуурайтлаа.
- Би танайх руу явмаар байна аа. Танайх эндээс ойрхон биз дээ?! хэмээн орилох дуунд би санаа алдаад:
- Сайн байна уу? Танд юугаар туслах уу? хэмээн асуугаад дээш өндийтөл удаан хугацаанд хараагүй танил минь зогсож байлаа.
- Юүкэй?
- Сайн байна уу? Нэг өрөө... хэмээн тэр өөрийг нь тэврэх бүсгүйд анхаарал хандуулан ярьж байснаа хоолойг минь танив бололтой наашаа харав.
- Үги?
Би элгээ тэврээд түүн рүү аль чадахаараа муухай харна. Харин тэр шүлсээ залгиад:
- Нэг өрөө авъя хэмээн хэлэв. Ичих нүүргүй юм байх даа?
- Манай өрөө дүүрчихсэн. Тиймээс явж үз гэж хэлэхэд хажууд нь байх согтуу хүүхэн шүлсээ үсчүүлэн:
- Байхгүй гэнэ ээ? Яаж ийгээд гарга хэмээснээ үнэгний нүд гарган инээлээ.
- Ахаа, Танайх руу явъя аа. Тэгэх үү? гэж гуйхдаа гарнаас нь зуурах аж. Энэ охин мөн л Юүкэйн дуртай төрлийнх байна. Яаж мэдсэн минь ойлгомжтой биз. Гэтэл Юүкэй түүнээс дургүйхэн гараа татаж аваад надад хандан:
- Ямар ч үнэтэй байсан хамаагүй нэг өрөө өгөөдөх! хэмээн шаардан хэлэв. Ажлын цаг минь бараг л дуусаж байсан тул эртхэн харихыг хүсэхдээ түүнд ямар ч хамаагүй өрөөний түлхүүр өгчхөөд:
- Ингэж амьдрах чамд сайхан байна уу? гэж асуутал тэр үг дуугарсангүй яваад өгөв. Харин би араас нь харж санаа алдаад ээлжнээсээ буулаа.
Зочид буудлаас гарч ирэхэд дөнгөж үүр цайж байх агаад ядарсан би гэр лүүгээ алхаж ядан хөлөө чирнэ. Гэтэл араас:
- Хөөе! гэх дуулдлаа. Намайг эргэж харахад Юүкэй зогсож байсан юм.
- Танайх манайхтай ойрхон биз дээ? Хамт явъя хэмээн тэр хэлээд хажууд минь зэрэгцэн алхав.
- Юу вэ? Хэзээ бид хамт алхаж харихаар харилцаатай байсан юм? Тусдаа яв. Чамайг харах хүсэл алга хэмээн түрүүлж алхахад тэр мөрөөр минь тэврээд:
- Дуртайдаа биш! Араас чинь хүн дагаад байна хэмээн хэлэв. Намайг эргэж харах гэтэл тэр болиулан:
- Намайг гараад ирсэн чинь зугтчихсан. Юутай ч энэ удаа гэр хүртэл чинь хүргэж өгөх болохоор дараагийн удаа цүнхэндээ бие хамгаалах юмтай яваарай гэлээ. Түүний үгсээс танил дотно мэдрэмж авч өөрийн мэдэлгүй инээмсэглэв. Хуучны Юүкэй яг л ийм байж билээ.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...