Гурав дахь удаа: 8. Бодит түүх
• • •
Цахилгаан шатны хаалга хаагдах сонсогдоход би эргэж харав. Гэтэл Юүкэй байрнаасаа огт хөдлөөгүй байх агаад элгээ тэврэн зогсох аж.
- Надад гомдож явдгийг чинь би сайн мэднэ. Гэхдээ... чи миний талаас бодож үзсэн үү? Гомдол гэх намагт чи ганцаараа шигдчихсэн юм шиг байна уу? Хажууд чинь живж буй намайг харахгүй байна гэж үү? гэх нь тэр. Би нүдээ аниад юу гэж хариулах тухайгаа тунгааж байлаа. Мэдээж би зөвхөн өөрийн талаас харж дүгнэсэн. Түүнд ямар байсан бол гэж бодохоосоо урьтаж өөрийгөө л илүүд үзсэн. Хүн угаасаа өөрийгөө л түрүүнд тавьдаг хувиа бодсон амьтан шүү дээ. Юүкэй хариу үл дуугарах намайг хүлээж ханав бололтой:
- Надад үнэндээ чамд хэлэхийг хүсдэг өчнөөн юм бий, Үги. Маргааш хоёулаа нэг газар уулзаад бүгдийн эхнээс нь ярилцъя гэлээ. Би толгой дохиод түүнтэй дугаараа солилцов. Дараагаар нь түүнийг цахилгаан шатанд сууж давхрын дугаар 1 болтол нь харж зогссон юм.
Бид анхнаасаа ярилцсан бол ярвигтай олон асуудлын гогцоо тайлагдах байсан болов уу?
• • •
Урьд шөнө цурам ч хийж чадалгүй үүр цайлгав. Өглөөний цайгаа ч уусангүй. Нэг их хүсэл ч төрсөнгүй. Цээжний минь голд нэг хүнд зүйл уяатай байгаад хоёр тийш савлан намайг зовоож байлаа.
Тэгж байтал утсанд зурвас ирлээ. Юүкэйгээс байна. Хаана хэдэн цагт уулзахаа тодорхой бичээд явуулжээ. Би нүүрээ хөнгөхөн будаад ямар гоёл зүүх вэ, ямар хувцас өмсөх вэ, үсээ яаж янзлах тал дээр ихэнх цагаа зарцуулав. Ээжтэй ч мөн зөвлөлдөж арайхийж нэг юм бэлэн болоод болзсон газар луугаа очив.
Оронгуут цаанаа л нэг дулаахан уур амьсгал угтаж өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Юүкэйг нүдээрээ хайхад үүднээс нэлээн хол сууж байгааг олж харсан юм.
- Юүкэй? хэмээн дуудахад тэр гараа өргөн инээмсэглэв. Харин түүний эсрэг талд суусан нэгэн ч бас эргэж хараад инээмсэглэлээ. Би тэдэн дээр очоод:
- Сүүжин эгчээ та энд юу хийж...
Үгээ ч дуусгаж чадалгүй гайхан зогсоход Сүүжин эгч намайг өөрийнхөө хажууд суухыг дохиод инээмсэглэн:
- Сая би бага сургуулийн дүү Лукастайгаа санамсаргүй таараад. Түүнтэй ярилцаад байж байтал чамайг бас таньдаг байж таарлаа. Сөүл ёстой жижигхэн юм аа гээд инээнэ.
- Аан. Тийм байна.
- Лукас бага сургуульдаа ёстой хөөрхөн хүү байсан шүү. Аа тийм, Хаврын зугаалгаар хөзөр дамжуулж тоглож байгаад бид 2 нэгэндээ анхны үнсэлтээ өгчхөж билээ. Чи санаж байна уу? гэхэд Юүкэй ичиж буй мэт толгойгоо илнэ.
Тэгэхээр...
Энэ бүх хугацааны туршид миний мэдэхийг хүсдэг байсан, хааяа өөрийгөө байх гэж найддаг байсан Юүкэйн анхны хайр, клубд хайж байсан улаан торон даашинзтай эмэгтэй, утсаар ярьж байхдаа хэлж байсан Сүүжин эгч гэдэг хүн бүгд Со Сүүжин байж. Өдийг хүртэл санагалзаж явсан анхны хайр нь энэ хүн байж.
YOU ARE READING
Хувь Тавилан [дууссан]
Short StoryБид хувь тавилан гэх том зангилаанд ороогдоогүй байсан бол...