Салхины исгэрээнд далайн үнэр туугдан хүчтэй түрлэгийн чимээтэй хамт аниргүйг эвдэн дуулдана. Сувдан хотын далай шөнийн харанхуйд уусан хар өтгөн манан шиг, шигүү ойн гүн шиг аймшигтай хийгээд ганцаардмал санагдах нь яг л түүний дотоод сэтгэл шиг. Далайг ширтэх тусам гүнд нь яваад орчихмоор, тэндээс түүнийг урин дуудаад ч байгаа юм шиг, юу юугүй гүйж очоод сульдсан биеэ шидээд өгмөөр, нойтон тэврэлтэнд нь живж хүйтэн нулимсанд нь амьсгалаа өгмөөр. Далай тийм л далдын увидастай тул Сэүн нойтон элс дэрлэн хэвтэхдээ нэг ч од гэрэлтээгүй түнэр харанхуй тэнгэрийг харж далайгаас зугтав. Харсаар байгаад нэг л мэдэхэд тэнд тийчилж байх вий гэж айхдаа хойш гэдийн хэвтсэн нь энэ юм.
Тэнгэр харанхуй байв. Ядахнаа тэнд сар ч байсангүй. Саарал үүлс хар өнгөнд уусаад тэнд зөвхөн түнэр харанхуй л түүнийг угтсан юм. Тэнгэр ч, далай ч түүнтэй адил хоосон мөн ганцаардсан байлаа.
" Тоолоё гээд ч гүйцэгдэхгүй, хүрье гээд л хүчрэхгүй тэр олон оддоо хаана гээчихсэн юм бэ? "
Тэнгэрээс асуухдаа тэр муухан инээд нүүрэндээ тодруулав.
" Ганцаар хэрнээ мянган оддоос тод гэрэлтдэг сар чинь хүртэл чамайг хаячихжээ "
Тэр сонсоод уйлах юм шиг шоолох мэт доогтой дуугарна.
" Далай хүртэл хоосон харагдаж тэнгэр бас юу ч үгүй үлдэж байхад тэр намайг хаях нь тийм ч хэцүү биш л юм байна "
Энэ удаа өөрийгөө өрөвдөн инээхэд аньсгыг нь дагсан нулимс элсэнд шингэн одов.
Сэүний 8 насны төрсөн өдрөөр юм. Сувдан хотоос онцгой зочин ирнэ гээд эцэг эх нь үдэшлэгт гойд анхаарч байсан. Энд тэндгүй чимэглэл хатгаж хаа сайгүй амттан өрсөн баярын зоог балчир хүүгийн хувьд гайхам хэр нь бас баяр баясалтай байсан юм. Удалгүй маш, бүр маш жижигхэн хөвгүүнийг эзэн хааны ах гэх эрхэм дагуулаад ирсэн. Тэр хөвгүүн өөрөөс нь ердөө ганцхан дүү хэр нь тав дүү юм шиг жижигхэн байж билээ. Долоон настай биш гуравтай гэвэл итгэхээр тийм жижигхэн бас үзэсгэлэнтэй. Хөвсгөр шар үсээ хоёр хуваагаад ороочихсон ч духыг нь халхлаад хэдэн буржгар үс уначихсан, тэрнийх нь цаана гялалзсан хар нүд хөөрхөн гэгч нь өөрийг нь ширтэж билээ. Хоёр булцгар хоёр хацар, бумбагар зузаан уруул нь доош унжаад чадлынхаа хэрээр базаад, нухаад хаячихмаар зөөлхөн харагдаад ер байж суулгахгүй байсанд Сэүн шууд л хацрыг нь хазчихсан сан. Харин жижигхэн хөвгүүний нүднээс гол горхи шиг их нулимс урсаж бандгар хоёр гараараа нүдээ нухлан уйлах нь ихээхэн сандаргаж аавыгаа мэдэх вий гээд хурдхан шиг аманд нь жүрж хийчхэж билээ. Гайхалтай нь хүү тэр дороо дуугүй болон амандахаа бувар, бувар хийн идэж ууртай ааваас нь аварсан юм. Хэзээ ч тийм жижигхэн мөртлөө тийм хөөрхөн хүүхэд харж байгаагүй юм болохоор харцаа салгах нь бүү хэл дэргэдээс нь алхам ч холдолгүй тэр өдөржин хамт байж асарч халамжилсан. Явуулмааргүй байгаа сэтгэлийг нь бурхан сонссон юм шиг Жимин түүнтэй хамт үлдэж тэр цагаас бүрэн түүний хамгаалалтанд орсон. Жимин Сэүний амьдралдаа авч байсан хамгийн том, хамгийн гоё, хамгийн үнэ цэнтэй бэлэг байв.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...