21

3.3K 281 51
                                    

Харанхуй өрөөнд сүүмийх ч гэрэлгүй байхад нэмэрлэх мэт өвлийн жихүүн салхи цонхны завсраар сийгэнэ. Инү хэсэг зуур унтчихсан учраас биеийн дулаанаа алдан даарч сэрлээ. Хүний урманд гудамжны гэрэл ч тусахгүй өрөөндөө утсаа тэмтчин асаахад цэнэг нь дуусан улаан зураас татжээ.

" Унтархаас нь өмнө чийдэн олж гэрлээ сольё "

Тэрээр босон шургуулгануудаа ухан чийдэн олж аваад сандал тавин дээр нь гишгэлээ. Өлмийгөө өргөхгүй л бол хүрэхгүй байсан учраас байдгаараа хичээн сольхоор ноцолдож байтал утасных нь гэрэл унтарч өрөө тас харанхуй болов. Тэрээр сандран нэг хөлөө болгоомжтойгоор буулгаж байсан ч сандал дайвалзан унахдаа гэдсээ дарж орхижээ.

Нэг л мэдэхэд гэрэл гийсэн цагаан өрөөнд нимгэн хөнжил, хатуу орон дээр хэвтэж байх юм. Эргэн тойрноо хэсэгхэн хугацаанд ажихдаа эмнэлэгт байгаагаа ухааран огцом босов. Бие нь нэг л хөнгөн. Ямар нэг зүйл өөрчлөгдчихсөн юм шиг. Үргэлж халуу дүүгдэг хэвлий нь хоосон оргиж гартаа залгуусан дуслаа юуных болохыг гайхаад барахгүй яаж ирсэнээ ч ойлгосонгүй. Гэтэл гаднаас тэрэг түрсэн сувилагч бүсгүй орж ирээд түүний халууныг шалган даралтыг нь хэмжив.

Инү- Юу, нөгөө би энд яаж ирсэн юм бол?

Сувилагч: Байрны чинь эзэн хүргэж ирсэн юм. Харамсалтай нь дэндүү оройтсоноос болоод цус ихээр алдсан. Тиймээс дор хаяж сар гаран хэвтэх хэрэгтэй. Тэжээлийн дутагдал, цус багадалт бас ...

Бүсгүй гэнэт л дуугаа хураан доош харж тариануудаа цэгцэлж буй дүр эсгэхэд Инү багахан гайхав. Тэгээд сүүлд юу болсоныг санахдаа нүд нь бүлтийн гараа аажуухнаар хэвлий дээрээ тавьлаа. Оюун ухаанаасаа сэтгэл гээч нь түрүүлж хэдийн аргаж эхэлсэн нулимстай нүдээрээ сувилагч бүсгүйг айсан, горьдсон харцаар ширтэн асуув.

Инү: Ү-Үгүй биз дээ?

Сувилагч: Бага сартай байсан болохоор болгоомж алдах төдийд эндсэн хэрэг. Гэхдээ та сэтгэлээ барих хэрэгтэй. Таны биеийн байдал сайнгүй байгаа.

Инү: Э-Эндсэн  ...

Инү: Эндсэн гэхээр би хамгаалж чадаагүй байх нь. Зөвшөөрөх эсэхийг нь мэдэхгүй ч эцэгт нь хэлэх ёстой байтал ...

Инү:  ... тэр хүн бяцхан өөрийгөө ирсэнийг ч мэдэхгүй буцаачихлаа. Бүгд миний л буруу, миний л арчаагүйнх!

Өчнөөн удаа урсгаж байсан бүлээн нулимс нь энэ удаа урсахдаа хацрыг нь яран зүсэж цусыг нь царцааж байгаа юм шиг өвтгөв. Зүрх нь цээжиндээ хэдэн хэсэг хагаран хэлтэрхий бүр нь элэг уушгинд нь шигдээд тэр дотроосоо шархдан үхэж байгаа юм шиг л өвдөв. Тархи нь хүртэл түүнээс жигшин хий хоосноор эргэлдэж тэр юу бодож, юу хийх ёстойгоо ч ойлгосонгүй. Энэ гэнэтийн мэдээ түүнд хэтэрхий их цочрол өгсөн юм.

Lusso PerleWhere stories live. Discover now