37

1.5K 220 24
                                    

Аниргүй шөнөөр модод найгаж салхи исгэрэн дуулна. Хавирган сар гэрлээ бөхийн нууж цэнхэр тэнгэр түнэр харанхуйд шигдэн нойрсоход онгорхой цонхоор гудамжны гэрэл л сүүмийж тусах аж.

Нил ягаан хөнжил, даавуун цэнхэр цамц, цагаан дэр, шаргал үс бүгд сүүмгэр гэрэлд сүүдэртэн харагдана. Бүлээн амьсгал чичирхийлж бүлээн нулимс дэрэнд шингэнэ. Тэрхэн үеийн дурсамж энэхэн мөчийн тарчлаан болж тэгэхэд инээсэн жаргал одоо дуслах нулимс болов. Нахиагаа дэлгэсэн үр хөрсөө голон хатах шиг дэлбээлж байсан хайр зүрхээ нүдэн уйлна. Дэргэд байсан түүнийг тэндээс энд дуудаж сэтгэл дотор зурж чанга орилон хашхична. Ганцаардлаар хөнжил хийн гомдол дэрлэж хэвтэхдээ нэрийг нь хүртэл мартмаар түүнийг ганцхан удаа харахыг мөрөөднө. Тэгээд л үзэн ядна. Эргээд хайрлана, өгүүлнэ бас гомдоно.

" Чи жирэмсэн юм байна, гарцаагүй!"

Бэкхёны үгс хамаг биеийг нь гаваар ороох шиг хөшөөж орхисон. Итгэж ядахдаа толгой сэгсэрсэн ч дараа нь тэд илүү баттай болгосны дараа Жимин хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон юм.

" Жонгүгт хэлэх хэрэгтэй. Тэр эцэг нь болохоор хариуцлагаа үүрэх нь түүний үүрэг! "

Бэкхёны хатуу анхааруулгыг харин тэр хүлээж аваагүй. Тэр түүнд дарамт учруулахыг хүсэхгүй байсан юм. Нэгэнт л Жонгүг түүнийг орхиж өөр нэгнийг сонгосон юм бол хүүхдээр шалтаглаж дэргэдээ хорих нь дэндүү өрөвдмөөр санагдсан хэрэг. Бас гомдмоор, үзэн ядмаар. Энэ өвдөлт түүний мэдэрч байсан бүхий л өвдөлтүүдээс хамгийн аймар нь байсан юм.

Жимин гэдсэн дээрээ гараа тавьж тэнд тийм бяцхан амьтан боожиж байгаа гэдэгт итгэж ядна. Тэр түүний бас тэр хүний хүүхэд гэж бодоход баяр зовлон хослосон хачин мэдрэмж төрж байлаа.

Халуун мэдрэгдсэн. Дахиад нэг зүрх дотор нь цохилж буй нь гарынх нь алганд мэдрэгдэх шиг болж тас зуусан уруул нь аажмаар мишээв. Гэвч нүднээ дүүрсэн нулимс дахин халин асгарч томоор инээмсэглэх уруулыг нь услан норгох аж.

Шөнийн тэнгэрт үүр хаяарч тэртээх алсад гэгээ татахад шөнөжин бодолд автсан шаргал үст орноосоо өндийв. Тэгээд хувцсаа ч солилгүй гэрээсээ гарч зам уруудан алхлаа. Харц нь хоосон ч зорьсон газар ойртох тусам хөмсөг нь нумарч хөмхийгөө зуух нь тодхон үзэгдэнэ. Тэгээд хэдхэн өдрийн өмнөх зураглал гашуунаар ходоодыг нь зуурч ой тоонд нь эргэн дурсагдахад тэр алхахаа болив. Булан л эргэвэл түүний гэр, тэр тагт харагдана. Тиймээс шийдвэрээсээ эргэж буцах айдас зүрхийг нь тогшиж байсан юм.

Lusso PerleWhere stories live. Discover now