44

1.3K 208 32
                                    


Бодол бүрээс бодол ургаж сэтгэлийн зовиур зүрхээ идсэн өдөр хоногууд үргэлжилнэ. Амьдралд хайртай атлаа үхлийн талаар мянгантаа бодов. Буугаад өгөхөд хэтэрхий өчүүхэн шалтаг боловч тэвчээд амьдрахад хэтийдсэн том зовлон. Аргадаад очиход тэвчээр барагдам хүнд ч ардаа орхиход алдаж боломгүй нандин юм.

Тэр бол өвлийн залуу. Нүд гялбам гоо үзэсгэлэнтэй хэр нь гарт минь хайлж орхих цасан ширхэг шиг хүйтэн. Би түүний салхинд жиндэж жаварт нь даардаг атлаа гараа алдлан тэврэх дуртай. Алгыг минь хайрч байсан ч гарыг нь хөтөлж уруулыг минь хөлдөөх байсан ч үнсэх гэж мөрөөддөг. Үлгэрээс уншсан цасангоог би энэ амьдралаас олоход тэр яг л өвөл шиг залуу байсан. Өвдөх байсан ч өөртөө үлдээмээр дун өвлийн сувд, цасан ширхэгийн хяруу, тэртээх тэнгэрийн од, түнэр харанхуйн тод саран байв. Миний хүрч чадахгүй бүхэн минь боловч орхиж чадамгүй шунал минь байлаа.

Жимин, миний энгэртээ бүлээцүүлж чадаагүй өвөл, зүрхэндээ гэсгээж дийлээгүй цас минь. Би чамайгаа санахдаа үүр заагийг умартан нар сарыг ялгахаа байчих юм.

Жимин, миний хоргоож бараагүй салхи, торгоож хүчрээгүй нулимс минь. Би чамайгаа үгүйлэхдээ зүүд зэрэглээг мартаж өдөр шөнийг мэдэхээ больчих юм.

Би өөрийгөө алдаж чамгүй амьдарч болоод байсан мөч рүүгээ яаж буцахаа мэдэхгүй байна. Би чамайг өөрөөсөө явуулж ард чинь орь ганцаар үлдэж чадахгүй байна. Дүрийг чинь байтугай нэрийг чинь мартаж үнсэлтийг чинь байтугай үнэрийг чинь умартаж зүрхлэхгүй байна. Жимин, би чамайгаа санаад галзуурах нь. Энэ цээжээ сийчиж хаяад зүрхээ сугалаад базчихмаар байна. Тархиа салгаж чиний гэх бүхнийг түүж аваад хаямаар байна. Би амьдармаар байна, гэвч чи намайг амиа егүүтгэмээр болтол зовоох юм.

Намайг өөрөөсөө явуулахдаа хором ч болов чи эргэлзсэн болов уу?

Хайртай гэж хэлчхээд хатуурхаж чадсандаа харамсаж үзсэн үү?

Ар нуруугаа харуулан холдоход араас минь чи уйлсан уу?

Хэлээч, одоо ирээд намайг эндээс авч явах уу? ...






" Жон Жонгүг болон Ким Югёмын хуриманд тавтай морил "

Гоёмсог тууз салхинд намиран Сувдан хотын хамгийн үнэтэй харшид хурмын цэнгүүн эхэлжээ. Зочид суудлаа эзлэн хосуудыг гарч ирэн тангараг өргөхийг хүлээх зуур индер дээр Мингюү гарч ирэн үг хэлэх аж. Хүн бүр баяр баясалтай басхүү догдолсон харагдах ч уригдсан зочдын зарим нь ирээгүйд Жон ноён болон Жон хатагтай сэтгэл дундуур байв. Жон Жэхён эцэг эхээс хоёулахнаа төрчхөөд ихрийнхээ хуриманд сүүдрээ ч үзүүлэхгүй бололтой.



Lusso PerleWhere stories live. Discover now