Special ending

2.2K 213 58
                                        

Хоног хоногоор хөврөх амьдралд хорвоогийн нар бүхэн шинээр мандаж байхад харин түүний хором мөчүүд эрэг нь гацсан тэрэгний хүрд шиг нэг л цаг хугацаанд ээрэгдэнэ. Нүдээ аниад нээхэд нэг өдөр урсан одсон ч дахиад унтаад сэрэхэд өчигдөртөө л үлдсэн мэт адилхан өдрүүд ирдэг.

Дулаахан хөнжилд даарч угтсан өглөө бүхэн, өргөн оронд давчдаж сэрсэн өдөр бүхэн, хар дарж хашхирч уйлсан шөнө бүхэн эргэж эргэдэггүй цагийн зүүний үзүүрт ижил хэмээр даган эргэх нь гаслантай.

Хэрвээ!

Тэнгэр жаргалтай байхад нар манддаг бол бүх л зуны тэнгэрт атаархах сан. Цэв цэнхрээр цэнхэртээд тэнгис далай шиг цэлийгээд цээжнийхээ гүнээс цалгисан жаргалаа цас бороо болгож асгах сан.

Хэрвээ!

Тэнгэр жаргалтай үедээ сарыг дуудаж оддоор инээмсэглэдэг бол сая сая бээрийн шөнөд атаархаж хонох сон. Хязгаарыг нь барих гэж эхлэлийг нь олохоор эхний амьсгалаас эцсийн оршихуйгаа наймаалцах байсан сан.

Юу ч үгүй хоосон тэнгэр хаана ч үгүй байхад, юу ч үгүй хоосон далай хаана ч байхгүй байхад гагцхүү сэтгэл гээч нь л ганцаар оршиж болдог гэлтэй.

Хөшгөө татсан харанхуй өрөө, шалаар хөглөрсөн хоосон шилнүүд, хаа сайгүй хаясан хувцаснууд бас урж тасдсан цаасны хэлтэрхийнүүд.

Югём таазны шаргал гэрлийг удтал ширтэж хэвтсэний дараа өндийхөөр зэхэхэд хоосон ходоод, муухайрсан дотрынх нь уршгаар толгой нь эргэн буцаад хэвтэв. Юу ч идээгүй атал гэдэс нь эвгүйрхэж шил шилээр нь хөнтөрсөн архи одоо цээжийг нь хорсгоно. Тэрээр хамгийн сүүлд хэзээ сольсноо мэдэхгүй үнэр нэвчсэн хөнжилдөө шигдэж бөгчим зайнд амьсгалаа цагдахдаа өмхийрсөн өндөг шиг өөрийгөө үнэрлээд бушуухан өндийв. Юу юугүй гарах гэх огиудас нь арай хийн суултуур дотор гадагшилж хэдэн минутын дараа хүйтэн шалан дээр тэрийн хэвтлээ.

Дахиж уух хүсэл дотор нь оволзох ч тэрээр яарсангүй. Хаашаа ч явалгүй хань болж үлддэг тэр лонхнууд яарсан яараагүй байрандаа байж л байна гэдгийг тэр сая л ухаарах шиг. Харин түргэвчлэхгүй л бол амьдралаас нь явчих хүн бол Жон Жонгүг.

Югём түүний тухай бодохоороо тэнэг юм шиг л инээдэг, нүднийхээ буланд нулимстайгаар.

Хэзээ ч бодоогүй хүн юм. Хайрлаад, хамт насаа барахыг хүсээд, хамаг инээд хөөрөө алдан байж хүлээх хүн нь Жонгүг байх юм гэж санаагүй. Үхтэл нь ганцаардуулж үзэн ядтал нь шархлуулах нэгэн, хайр гуйтал нь хоосолж өвдөг сөхөртөл нь цөхрүүлэх нэгэн сайн найз нь байхыг мэдсэн бол анхнаасаа л найзлахгүй байх байсан. Ядахнаа Жиминээс урьтаж хичээх байсан. Харамсалтай нь бүхний дараа учирсан нь ямар гаслантай гээч ...

Lusso PerleWhere stories live. Discover now