Модон ширээн дээр томоос том газрын зураг дэлгээтэй байх ба хэд хэдэн газрыг улаанаар дугуйлжээ.
" Газрын тосны олборлолт хийж болох хамгийн сайн газрууд байгаа юм. Энэ газруудыг чи Жон ноёнд авч өгөх хэрэгтэй. Бүх асуудлыг хуулийн дагуу шийдээрэй. Дараа нь өөрийн нэр дээр шилжүүлж авахад ямар ч асуудал гарахгүй. "
Пак ноён өөрийн том хүүдээ захиж хэллээ. Тэдний өмнө зурайх томоос том газрын зураг бол тэдний амьдарч буй гүрэн болох "Сувдан улс" -н газрын зураг. Тэдний алсын төлөвлөгөөнд хэрэгтэй зүйлсийг тэд тэмдэглэн эхнээс нь өөрийн болгоход бэлдэж буй нь энэ юм.
Тэдний тухай, өөрөөр хэлбэл Пак, Жон, Ким болон У ноёдын талаар товч бөгөөд тодорхой дурьдахад тэд бол Lusso Perle хотын элит зэрэглэлийн гэр бүл. Lusso Perle нь Сувдан улсын нийслэл бөгөөд өмнө нь хэлсэнчлэн энэ хотын захирагч нь Бэкхёны аав болох Бён ноён билээ.
Пак ноёны тухайд тэр хааны угсааны хүн. Сувдан улсын өмнөх хааны ууган хүү учраас хаан ширээ түүнийх байсан ч тэр татгалзсанаар дүүд нь эрх мэдэл нь шилжсэн юм. Гэвч хааны хүү учраас ордноос гадна амьдарсан ч дүүдээ дэм болж улс орны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай тул 12 дээд тушаалтны хамгийн том удирдагчаар томилогдсон юм. 12 дээд тушаалтан гэдэг нь Сувдан улсын 11 мужийг захирдаг тушаалтныг хэлэх ба тэдгээр 11 захирагчийн дээр 12 дахь тушаалтан буюу Пак ноён байдаг юм.
У ноён бол өөр нэг хотын захирагч мөн хааны шадар сайд. Хуулийн бүлгэмийг хариуцдаг дээд шүүгч тул Пак ноёны хувьд хамгийн чухал хамсаатан нь. Тиймдээ ч тэдний гэр бүлтэй найрсаг харилцаатай байдаг.
Мингюүгын эцэг болох Ким ноён бол Сувдан улсад үнэт чулуу нийлүүлдэг хамгийн том түнш. Элитүүдийн эдэлж хэрэглэдэг бүхий л үнэт чулуу болон алт нь түүний бизнесээр дамждаг.
Ихрүүдийн аав болох Жон ноён бол бүхэл бүтэн улсыг газрын тосоор хангадаг хамгийн нөлөө бүхий ноён. Газрын тосны бизнест мөнгө бороо шиг л асгардаг ч хамгийн чухал зүйл нь газар байдаг. Үр өгөөжтэй газар. Тиймээс Пак ноёнд хөрөнгөө ахиулъя гэвэл Жон ноён хэрэгтэй. Харин Жон ноёнд нөөц ихтэй газартай болъё гэвэл Пак ноён хэрэгтэй аж.
Улсын том албан тушаалтан, хааны угсааны хүн байж яагаад хүссэнээ авч болдоггүй юм бэ гэж та бүхэн гайхах байх. Үүнийг тайлбарлах их хялбархан.
Улсын дээд 12 тушаалтан хувийн хөрөнгөтэй байхыг хориглодог. Энэ нь Сувдан улсын баян чинээлэг байдаг шалтгаан мөн авилгатай тэмцэх ганц арга тул хуулиндаа тусгачихсан байдаг юм. Харин Жон, Ким ноёд төрийн албан хаагч бус энгийн иргэд тул тэдний хөрөнгө хязгааргүй. Ердөө л энэ шалтгаанаар Пак ноён тэдэнтэй холбоотой байдаг аж. Тэд бол Пак ноёны эрдэнэсээ нуух авдар. Харин Пак ноён тэдний хувьд эрдэнэс олох түлхүүр юм.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...